Олон улсын цахим сургалтын төв
Олон улсын цахим сургалтын төв нь эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр тэгш хүртээмжтэй суралцаж боловсролын зэрэг ахиулан хөгжих боломж олгох зорилгоор АШУҮИС-ийн Захирлын 2015 оны 09-р сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Олон Улсын Сайбер Их Сургууль (ICUMS) нэртэйгээр байгуулагдсан.
1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр МУИС-ийн ректорын А/81 тоот тушаалаар Анагаах ухааны тасралтгүй боловсролын төв нь Докторантур, Магистрын албыг байгуулж, дотооддоо төгсөлтийн сургалтыг эхлүүлсэн. Төгсөлтийн сургалтыг хэрэгжүүлсэн 28 жилийн туршлага дээрээ тулгуурлан Олон Улсын Сайбер Их Сургуулийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Монгол Улсад магистрын цахим сургалтыг анх удаа нэвтрүүлэхдээ цахим сургалтын технологи, арга зүй болон хөтөлбөрийн агуулгыг БНСУ-ын Ионсей их сургуулийн багш, АШУҮИС-ийн хүндэт профессор Ён Мүн Чэ, АНУ-ийн John Hopkins-ийн Их Сургуулийн профессор Meredith Praamsma нартай хамтран дээд боловсролын олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсруулж нийгмийн эрүүл мэндийн ухааны 2 хөтөлбөрөөр сургалтыг эхлүүлсэн ба 2016 оноос 6 хөтөлбөр болгон үйл ажиллагааг өргөжүүлсэн түүхтэй.
МАГИСТРЫН ЦАХИМ СУРГАЛТЫН 6 ХӨТӨЛБӨР
Анагаах ухаан
Уламжлалт анагаах ухаан
Нүүр ам судлал
Эм зүй
Сувилахуй
Нийгмийн эрүүл мэнд
Магистрын цахим сургалтыг доктор ба түүнээс дээш зэрэгтэй 493 багш ордог Олон улсын цахим сургалтын төв нь оюутан төвтэй буюу оюутны санал хүсэлтийг харгалзан хөтөлбөрийн шинэчлэлтийг хийсээр байдаг. Бид хөтөлбөрөө олон улсын түвшинд хүргэж гадаад суралцагчдыг хамруулах зорилгоор хичээлийн бүх бүрдлийг Англи, Монгол хэлээр бэлтгэсэн ба дэлхийн 240 гаруй улсын 410 сая хэрэглэгчтэй сургалтын Moodle 3.11 системийг ашиглан цахим сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаад болон дотоодын 21 аймгаас элсэлт авсаар байна.
Магистрын цахим сургалтын 6 хөтөлбөрийг 100% онлайнаар Moodle 3.11 системийг ашиглан АШУҮИС-ийн төгсөлтийн сургалтад хамаарах дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлдэг ба дээд боловсролын орчин үеийн чиг хандлага, оролцогч талуудын санал, хэрэгцээнд үндэслэн тасралтгүй шинэчлэгддэг.
Иймээс анагаах ухааны магистрын зэрэг горилж буй суралцагсдад ойлгомжтой байлгах, тогтмол санал хүсэлтийн дагуу оюутан төвтэй сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд ОУЦСТ нь албан ёсны хичээл, хамгаалалтуудаас гадна хоёр жилийн сургалтын хугацаанд дараах үйл ажиллагааг зохион байгуулдаг.
2024 ОНЫ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, УУЛЗАЛТ
Магистрын оюутнууд судалгааны ажлын сэдвээ сонгохдоо өөрийн мэргэжил, мэдлэг туршлага, судалгааны сонирхол, ирээдүйд хөгжүүлэх боломжинд тулгуурлан сонгохыг зөвлөж байна. Жишээлбэл өөрийн эргэн тойрон буй асуудал бэрхшээлүүдийг судлан, таамаглал боловсруулж төсөл бичих боломжтой. Судлаачид таны судалгааны санааг хүндэтгэн, академик эрх чөлөөгөөр хангах болно.
Жил бүрийн шинэ элсэлтийн дараа оюутнууд танхимын болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагддаг чиглүүлэх хичээлд хамрагддаг. Уг хичээл нь хичээлийн бүтэц, сургалтын системийн хэрэглээ, төсөл бичилтийн аргачлал болон хамгаалалтын үйл явцын талаарх мэдээллийг олгодог. 2024 оны хаврын элсэлтийн чиглүүлэх сургалтад судалгааны арга зүйн талаар нэмэлт сургалт оруулсан болно.
ОУЦСТ-ийн сургалтууд нь оюутнуудын идэвхтэй оролцоог дэмжихэд зориулан төрөл бүрийн дижитал сургалт, заах аргачлалуудыг ашигладаг.
