Гадаад харилцаа
Ойта Их Сургууль
2024 - 2025 оны хичээлийн жилээс Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Япон улсын Ойтагийн Их Сургууль хоорондын хамтын ажиллагаа өргөжиж Докторын хосолсон хөтөлбөр хэрэгжиж байна. Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суралцаж төгсөгчид хоёр их сургуулийн хос дипломтой төгсөнө.
2024.03.29. Япон улсын Ойта Их сургуулийн захирал профессор Сэйго Китано, Сайтамагийн их сургуулийн Хоол боловсруулах тэнхимийн профессор Шомэй Рёозава нарыг АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ц.Билэгтсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Гадаад харилцааны газрын дарга Д.Өлзиймаа, Эрдмийн сургуулийн захирал А.Шийрэвнямба, Хоол боловсруулах тэнхимийн багш нар, Ойта их сургуулийн төгсөгчид, Эрдмийн сургуулийн Эрүүл мэндийн судалгааны тэнхим оролцлоо. Уулзалтаар Ойта Их сургуулийн Анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн Эрдмийн сургуультай хамтран хэрэгжүүлэх Докторын Хамтарсан Хөтөлбөр (DDP - double degree program)-ийн талаар харилцан санал солилцож, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
2024.08.01. AШУҮИС ба Япон улсын Ойта их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Докторын Хосолсон Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж, Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга АУ-ы доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Гадаад харилцааны газрын дарга Д.Өлзиймаа, Эрдмийн сургуулийн захирал АУ-ы доктор, дэд профессор А.Шийрэвнямба, Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Ж.Жамбалдорж, гадаад харилцааны газрын төлөөлөл, Японы талаас Ойта их сургуулийн ерөнхийлөгч доктор, профессор Сэйго Китано, Ойта их сургуулийн дэд захирал, доктор, профессор Ёшиёо Ямаока, Кейо их сургуулийн доктор, профессор Наохиса Яхаги нар оролцлоо. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын өмнө АШУҮИС болон Япон улсын Ойта их сургуулийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Хоёр их сургуулийн хооронд хэрэгжих Докторын Хосолсон Хөтөлбөр (DDP - double degree program) нь жил бүр 5 хүртэлх докторантыг элсүүлэх ба АШУҮИС, Ойта их сургууль хооронд суралцснаар хоёр их сургуулийн хамтарсан дипломтай төгсөх давуу талтай. Докторын хосолсон хөтөлбөр нь анагаахын чиглэлээр анхны хосолсон хөтөлбөр болж байгаагаараа онцлог юм.
