MNUMS Graduate School
EN

Захирлын мэндчилгээ

Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжил, судалгаа төгөлдөршлийн эринд дэлхийн шилдэг их сургуулийн нэг болох АШУҮИС-ийн алсын хараа, эрдэм шинжилгээ, дээд боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шилдэг байгууллага байх эрхэм зорилгын хүрээнд тус сургууль нь төгсөлтийн сургалт, эрдэм шинжилгээ, инновац, мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Эрдмийн сургууль нь бүрэлдхүүн бусад сургуулиудтай хамтран төгсөлтийн сургалтын 11 хөтөлбөрийг хэрэгжүүлж, магистрын цахим сургалтыг 6 чиглэлээр эрхлэн явуулж дотоод, гадаадын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ахисан түвшний боловсрол олгодог. Магистрын цахим сургалт нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг үндсэн ажлаа эрхлэн, ажиллаж амьдран буй газраасаа суралцах боломжоор хангадаг онцлогтой бөгөөд олон улсын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаар “Анагаах ухаан” хөтөлбөрөө анх удаа магадлан итгэмжлүүлээд байна.

Эрдмийн сургуулийн хамт олон төгсөлтийн сургалтанд хамрагдаж буй суралцагчид, судлаачид, багш нарынхаа эрдэм судлалын ажилд онцгой анхаарч, шинэ мэдлэгээр анагаахын шинжлэх ухааныг улам баяжуулан, түүнийг инновац болгон бойжуулан, улмаар зах зээлийн эргэлтэнд оруулан, баялаг болгон хувиргаж, Монгол улсын хөгжил, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн ажиллаж байна.

Тус сургууль мэргэжлийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ялангуяа төгсөлтийн сургалтад хамрагдаж буй гадаадын оюутнуудад судалгааны арга зүй, судалгаа хөгжүүлэлт, боловсруулалт, монгол хэлний чиглэлээр зөвлөлгөө дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн анагаах ухааны эрх зүй, анагаах ухааны боловсролын чиглэлээр эрүүл мэндийн болон дээд боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Эрдэмд шимтэн, боловсролоо дээшлүүлэхийг хүссэн хэн бүхний өмнө Эрдмийн сургуулийн үүд нээлттэй бөгөөд та бүхэнтэй хамтран суралцаж, хамтран хөгжиж, хамтран бүтээх эрмэлзлэл, чадвар, туршлага дүүрэн эрдэмтэн багш нар та бүхнийг хүндэтгэн угтах болно. Эрдмийн хур арвин байх болтугай.

А.Шийрэвнямба

/АУ-ы доктор, дэд профессор/

АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирал