Сургуулийн захирлын мэндчилгээ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

    Шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэт болон өндөр технологийг хөгжүүлэх замаар үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд судалгаанд суурилсан их сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг хөгжилтэй орнуудын туршлага харуулсаар байна. Монгол улсын засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор батлагдсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд АШУҮИС-ийн захирлын А/135 тоот тушаалаар Эрдмийн Сургуулийг үүсгэн байгуулан ажиллаж байна.

    Бид эрүүл мэнд, боловсролын салбарын өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн дэвшилтэт технологид тулгуурлан хүргэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц шилдэг судлаач, судалгааны багуудыг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.

   Эрдмийн Сургууль нь эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, төгсөлтийн сургалтын чанар, судалгаа явуулах орчин нөхцөлийг сайжруулах, төгсөлтийн сургалтын үнэлэмжийг нэмэгдүүлэх, судалгааны тэтгэлэгүүдийн тоо, мөнгөн дүнг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг их сургууль, хүрээлэнгүүд, эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх олон улсын төсөл, төгсөлтийн сургалтын хамтарсан хөтөлбөрүүдийн тоог нэмэгдүүлэх, IF бүхий сэтгүүлд хэвлүүлэх бүтээлийн тоог өсгөх, үнэлүүлэх, судалгааны ёс зүйг дээдлэн мөрддөг, нотолгоонд суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдмийн эрх чөлөөг хариуцлагатайгаар хэрэгжүүлэх томоохон зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна. Дээрх ажлууд маань АШУҮИС-ийн Ази Номхон Далайн Баруун Эргийн бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болох өндөр зорилгоо биелүүлэхэд томоохон түлхэц өгөх юм.

    Шилдэг судалгааны баг, шилдэг судлаачдыг хөгжүүлэхэд Эрдмийн Сургуулийн үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

 

ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ АУ-НЫ ДОКТОР, Б.ДАМДИНДОРЖ