VIDEO CONFERENCE ON COVID-19

           ДЭМБ, Монгол Улсын Эрүүл Мэндийн яам, БНХАУ, Бразил, Швейцари 4 улс оролцсон видео хурал 2020 оны 3 сарын 27-ны 20.00 цагаас Эрүүл Мэндийн яамны Б зааланд болов. Хуралд МУ-ын засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Жаргалсайхан, ЭМЯ-ны уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Д.Цэрэндагва, МАУОУС-ийн захирал Д.Цэнд-Аюуш, академич Ш.Болд, профессор С.Сээсрэгдорж, доктор В.Энхтуяа,  доктор Б.Цэрэнцоо, МЯСЭ-ийн Монголын Уламжлалт Анагаах ухааны үндэсний төвийн захирал Б.Лагшмаа  нар оролцлоо. Видео хуралдааны албан ёсны орчуулгыг хятад, англи хэлнээс МАУОУС-ийн зүү төөнө заслын тэнхимийн эрхлэгч доктор В.Энхтуяа хийлээ.

       БНХАУ-ын талаас Тяньжины их сургуулийн захирал, академич Zhang Boli, Хятадын Анагаах Ухааны академийн ерөнхийлөгч Huang Luqi, Гуандонгийн эмнэлгийн дэд захирал Zhang Zhongde, Өмнөд их сургуулийн Зонгда эмнэлгийн дэд ерөнхийлөгч Qiu Haibo, Хятадын уламжлалт анагаах ухааны үндэсний төвийн гадаад харилцааны гүйцэтгэх захирал Zhu Haidong нар оролцлоо.

       Хятад анагаах ухаанаар Коронавирүсийн халдварын үед эмчлэх Covid -19 Chinese Medicine /in trade/  удирдамжийн 6 дахь дэвтэрт Хятадын уламжлалт анагаах ухааны эмээр эмчлэх зааврыг гаргажээ. Мөн эмнэлзүйн судалгаанд олон эм туршигдаж байгааг хэллээ. Халуурах, ядарч сульдах эмнэлзүйн шинж илэрсэн үед Jinhua qinggan keli/grain эм, Qingfei paidu эмийг хэрэглэж байгаа талаар зөвлөв.

          Коронавирүсийн халдварын хөнгөн ба дунд хэлбэрийн үед Хятадын уламжлалт анагаах ухааны эм танг хэрэглэхэд үр дүнтэй байгааг зөвлөлөө. Уушгины хатгалгааны шинж илэрсэн, амьсгаадах шинж нэмэгдээд ирвэл орчин үеийн анагаах ухаанаар эмчлэхийг зөвлөж байна.

      ДЭМБ-ын Уламжлалт анагаах ухааны хариуцсан координатор Zhang Qi хэлэхдээ: орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухааныг хослуулан хэрэглэх нь үр дүнтэй байна. Монгол улс уламжлалт анагаах ухааны баялаг түүхтэй, эрүүл мэндийн тогтолцоонд уламжлалт анагаах ухаан бүрэн нэвтэрсэн, эмнэлэг, нэгжтэй тул уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх нь зүйтэй юм гэж зөвлөв.

      БНХАУ нь Коронавирүсийн халдварын тархалтыг амжилттай зогсоож, эмчилгээний олон шилдэг арга туршлагаа дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлж байна. Видео хурал зохион байгуулсан ДЭМБ, Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, ЭМЯ, БНХАУ-ын талаас оролцсон эмч, судлаачид, МАУОУС-ийн багш нарт талархал илэрхийлье. 

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн